Monday, March 24, 2008

"Мянганы Хөгжлийн Зорилтын хэрэгжилтийн байдал - Монгол Улс" Үндэсний Илтгэлийн Өлсгөлөнг бууруулахтай холбоотой хэсэг

Зорилт 2. Хоол, тэжээлийн дуталтай хүн амын тоог 1990 онтой харьцуулахад 2015 онд 2 дахин бууруулах

Тураалтай хүүхдийн хувь
1992 2000 2001 2004 2005 2015
12.6а 12.5б 12.7в 6.7г 6.3д 0е

Мэдээллийн эх үүсвэр:
а. ХСТ, ЭМЯ, НҮБХС (1993) “Монголын хүн амын хоол тэжээлийн байдал” Хоол тэжээлийн үндэсний анхдугаар судалгааны тайлан, Улаанбаатар
б. НЭМХ, ЭМЯ, НҮБХС (2000) “Хүн амын хоол тэжээлийн байдал” Хоол тэжээлийн үндэсний 2 дахь судалгааны тайлан, Улаанбаатар
в. ҮСГ, НҮБХС (2001) “Хүүхэд хөгжил – 2000” Олон үзүүлэлтэт түүвэр судалгаа, Улаанбаатар
г. НЭМХ, ЭМЯ, НҮБХС (2006). “Монголын хүүхэд, эмэгтэйчүүдийн хоол тэжээлийн байдал” Хоол тэжээлийн үндэсний 3 дахь судалгааны тайлан, Улаанбаатар
д. ҮСГ, НҮБХС (2007) “Хүүхэд хөгжил – 2005” Олон үзүүлэлтэт түүвэр судалгааны үр дүнгийн урьдчилсан танилцуулга, Улаанбаатар
е. УИХ-ын Тамгын газар (2005) “УИХ-ын тогтоол ¹ 25: Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтыг батлах тухай” Төрийн мэдээлэл ¹ 17 (398), Улаанбаатар

МХЗ-ын Ядуурал, өлсгөлөнг бууруулах зорилгын зорилт 2-т Хоол тэжээлийн дуталтай хүн амын тоог бууруулах асуудлыг дэвшүүлэн Тав хүртэлхии насны хүүхдийн дундах тураалтай хүүхдийн хувь хэмжээг 2015 он гэхэд тэг хүртэл бууруулах тухай тусгажээ. Энэ зорилтын хүрээнд Тав хүртэлхи насны хүүхдийн тураалын үзүүлэлт 2000 онд 12.7 хувь байснаа 2004 онд 6.7 хувь, 2005 онд 6.3 хувь болтлоо буурч ирсэн нь 2015 он гэхэд тураалтай хүүхдийн хувийг арилгахаар дэвшүүлсэн зорилтыг хангах боломжтой байна гэж үзлээ
[1].

Хоол тэжээлийн дутлын
[2] өнөөгийн байдал

Хоол тэжээлийн дутлын өнөөгийн байдлыг 1) Тав хүртэлхи насны хүүхдийн хоол тэжээлийн дутлын байдал, 2) хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлаар тодорхойлж болох юм. Үүнд:

1. Тав хүртэлхи насны хүүхдийн хоол тэжээлийн дутлын байдал

2000 оны түвшинтэй 2004 ба 2005 оныг харьцуулахад тав хүртэлхи насны хүүхдийн хоол тэжээлийн дутал болох тураал 2 дахин, туранхай 6 дахин, харин өсөлтийн хоцролт 5 хувиар тус тус буурсан байна (Хүснэгт 1.5).

Хүснэгт 1.5 Тав хүртэлхи насны хүүхдийн хоол тэжээлийн дутлын явц байдал (оноор)
Он Тураал (хувь) Өсөлтийн хоцролт (хувь) Туранхай (хувь)
2000а 12.5 24.6 3.7
2000б 12.7 25 5.5
2004в 6.7 19.6 0.6
2005г 6.3 21 2.2

Мэдээллийн эх үүсвэр:
а. НЭМХ, ЭМЯ, НҮБХС (2000). “Хүн амын хоол тэжээлийн байдал” Хоол тэжээлийн үндэсний 2 дахь судалгааны тайлан, Улаанбаатар
б. ҮСГ, НҮБХС (2001). “Хүүхэд хөгжил – 2000” Олон үзүүлэлтэт түүвэр судалгаа, Улаанбаатар
в. НЭМХ, ЭМЯ, НҮБХС (2006). “Монголын хүүхэд, эмэгтэйчүүдийн хоол тэжээлийн байдал” Хоол тэжээлийн үндэсний 3 дахь судалгааны тайлан, Улаанбаатар
г. ҮСГ, НҮБХС (2007). “Хүүхэд хөгжил – 2005” Олон үзүүлэлтэт түүвэр судалгааны үр дүнгийн урьдчилсан танилцуулга, Улаанбаатар
Хоол тэжээлийн дутлын дотроос тураалын хүнд хэлбэр илүүтэй буюу 2000 онтой 2004 оныг харьцуулахад 2.4-өөс 0.7 хувь хүртэл буурсан байна. Харин өсөлтийн хоцролтын хүнд хэлбэр 8.4-өөс 4.9 хувь, туранхайн хүнд хэлбэр 0.9 хувиас 0.08 хувь хүртэл тус тус буурчээ[3].

Зохих жиндээ хүрэхгүй байгаа хүүхдийн үзүүлэлт буюу тураал: Бүс нутгийн хэмжээнд 1990-2000 оны хооронд хоол тэжээлийн дуталтай хүүхдийн тоо 24-өөс 17 хувь хүртэл (жилд дунджаар 0.6 хувь) буурсан нь Зүүн Ази, Номхон далайн баруун эргийн бүсийн орнуудын дэвшүүлсэн “тураалтай хүүхдийн тоог бүсийн хэмжээнд 2015 он гэхэд 12 хувьд хүргэх” зорилтыг хангах бүрэн бололцоотой болохыг харуулж байна. Монгол улс Тав хүртэлхи насны хүүхдийн тураалыг 2000-2004 онд жилд дунджаар 1.2 орчим хувиар буюу 12.5-аас 6.7 хувь хүртэл бууруулжээ
[4].

Хоол тэжээлийн архаг дутал буюу өсөлтийн хоцролт: Хүүхдийн хоол тэжээлийн байдлыг илтгэх өөр нэг үзүүлэлт болох тав хүртэлхи насны хүүхдийн өсөлтийн хоцролт нь Хятад, Вьетнам, Филлипин зэрэг улсад өндөр тархалтын түвшнээс тогтвортой буурч байхад Монгол улс хэдийгээр бага түвшинтэй орон ч гэсэн тогтвортой буурахгүйгээс бүс нутгийн бусад улстай харьцуулахад бууралтын хурдцаар хоцрох хандлага ажиглагдаж байна. Монгол улсад тав хүртэлхи насны хүүхдийн өсөлтийн хоцролтын үзүүлэлт 2000 оноос 2004 оны хооронд 5 хувиар буюу жил бүр нэг хувиар буурсан байна
[5].

Хоол тэжээлийн хурц дутал буюу туранхай байдал: Монголд бага насны хүүхдийн хоол тэжээлийн хурц дутлыг илтгэх туранхайн үзүүлэлт сүүлийн жилүүдэд харьцангуй бага хувьтай гэж тодорхойлогдож ирсэн хэдий ч ЭМЯ, ҮСГ-аас зохион явуулдсан судалгааны үр дүнгүүд хоорондоо зөрүүтэй байна. Тухайлбал, ЭМЯ-ны 2001, 2004 оны судалгаагаар 0.9 хувь ба 0.6 хувь; ҮСГ-ын 2000, 2005 оны судалгаагаар 5.5 хувь ба 2.2 хувь гэж гарчээ.

Хүснэгт 1.6 Тав хүртэлхи насны хүүхдийн хоол тэжээлийн дутлын байдал (бүсээр)
[6]
Тураал Өсөлтийн хоцролт Туранхай
Байршлаар
Хот суурин 3.89 11.46 1.14
Хөдөө 8.13 23.92 0.24
Бүсээр
Улаанбаатар 4.3 10.5 1.3
Төвийн бүс 4.7 17.2 0
Хангайн бүс 5.4 21.9 0
Зүүн бүс 10.7 28.1 0
Баруун бүс 11.9 28.7 0.8


Хүснэгт 1.6-гаас үзвэл хөдөө орон нутгийн хүүхдэд хот суурин газрынхаас тураал ба өсөлтийн хоцролтод 2 дахин их өртөж байна. Баруун бүсийн бага насны хүүхдийн тураалын тархалтын хувийн жин хангайн бүсээс 2.2 дахин, төвийн бүсээс 2.5 дахин, Улаанбаатар бүсээс 2.75 дахин өндөр, харин зүүн бүстэй ижил түвшинд байна. Хот суурин газарт тав хүртэлхи насны хүүхдийн туранхайн тархалт хотын хүүхдэд хөдөөний хүүхдээс 6 дахин илүү байгаа нь хөдөө орон нутгийн малгүй болсон иргэд хотод шилжин суурьшиж, хотод ажилгүйдэл, ядуурал ихсэж байгаатай холбоотой ажээ
[7].

Хүүхдийн хооллолтын байдал: Манайд 2004 оны байдлаар хүүхдийн 4 сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож буй үзүүлэлт 79.7 хувь байсан бол 6 сартай болоход 38.3 хувь болтол буурч байгааг эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний импорт, худалдаалалт нэмэгдэж, улмаар эрт нэмэгдэл хоолонд оруулж байгаагаар голлон тайлбарлаж байна. Хэдийгээр эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний импорт нэмэгдэж байгаа ч 2000 ба 2005 онд явуулсан Олон үзүүлэлтэт түүвэр судалгаагаар 6 сар хүртэл хугацаанд эхийн сүүгээр дагнан хооллосон үзүүлэлт 55 ба 57 хувь гарсан нь харьцангуй тогтвортой байдлыг илтгэж байна. Мөн 6-11 сартай хүүхдийн дөнгөж 1.6 хувь нь, 24-59 сартай хүүхдийн 0.9 хувь нь зөвлөмжид тохирох давтамж, хэмжээтэйгээр хооллож байхад, 12-23 сартайд тохирох давтамж, хэмжээтэйгээр хооллож чадаж байгаа хүүхэд байсангүй. Хүүхдийн хамгийн эрчтэй өсөлтийн үе болох 6-23 сартайд тэдний нэмэгдэл хоолны нэр төрөл, чанар, орц, стандартын шаардлагыг хангахгүй байгаагаас хүүхдийн өсөлт, тэжээлийн хэрэгцээг төдийлэн хангаж чадахгүй байна
[8].

Хүүхдийн хоол тэжээлийн байдалд аминдэм, бичил бодисын хангамж чухал нөлөөтэй билээ. Тухайлбал
[9],
- Д аминдэмийн дутал ба хангалт. Тав хүртэлхи насны хүүхдийн 41 хувь нь Д аминдэмийн дуталтай, 20.8 хувь нь зулай зөөлөн, хөл нь майга, үе мөч нь хавдартай байна. Рахитын шинж тэмдэг төвийн бүсээс баруун, хангайн, зүүн бүсийн аймгуудад илүү бөгөөд Улаанбаатарт давамгайлж байна. Өнгөрсөн 2004 оны судалгаагаар 2 хүртэлхи насны хүүхдийн 15.6 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд урьдчилан сэргийлэх тунгаар Д аминдэм хэрэглэсэн байна.
- Цус багадалт ба төмрийн дутал. Тав хүртэлхи насны хүүхдийн 21.4 хувь нь цус багадалттай байна. Цус багадалтын үзүүлэлт 6-11 сартайд (39.6 хувь), 12-17 сартайд (34.4 хувь), 18-23 сартайд (23.0 хувь) хамгийн өндөр байна. Цус багадалтын үзүүлэлтийг байршлаар үзвэл, хот суурин (20.0 хувь) ба хөдөө орон нутаг (22.2 хувь) ойролцоо, харин бүсээр үзвэл Улаанбаатар хотод 21.4 хувь, баруун бүсэд 34.0 хувь (хамгийн өндөр), төвийн ба хангайн бүсийн аймгуудад хамгийн бага үзүүлэлттэй байна. Мөн 6-59 сартай хүүхдийн төмрийн дутлын үзүүлэлт үндэсний түвшинд 22.3 хувьтай (үүнээс 6-23 сартай 30.6 хувь, 24-59 сартай 18.5 хувь), баруун бүсэд 29.3 хувь буюу хамгийн өндөр байна.
- А аминдэмжүүлэлтийн хамралт. Нийт 6-59 сартай хүүхдийн 51.6 хувь, Улаанбаатар хотод 52.3 хувь нь А аминдэмийн түгээлтэд хамрагджээ. Эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийн уусан А аминдэмийн тоо, тун, хэрэглэх шаардлага, хэрэгцээний талаар төдийлэн сайн мэдээлэлгүй байдаг ажээ.
- Иод дутлын эмгэг. Манай 8-12 насны хүүхдийн дунд бамбайн бахлуурын тархалт 13.8 хувь байна. Харин 5 жилийн өмнөх дүнгээс энэ үзүүлэлт 7.6 хувиар буурч Монгол улс иод дутлын хөнгөн зэрэглэлтэй гэсэн ангилалд шилжиж, айл өрхийн иоджуулсан давсны хэрэглээ 74.4 хувь хүртэл нэмэгджээ.

Монголын хүүхдүүд бор хоолонд орсноос хойш өсөлт хоцролт, Д аминдэмийн дутал, цус багадалт зэрэг аминдэм, бичил бодистой холбоотой хоол тэжээлийн дутлын хэлбэрүүд өсдөг байна
[10]. Энэ бол манай улсын хүнсний бүтээгдэхүүний аминдэм, бичил бодисын баяжуулалт шаардлагатай хэмжээнд хүрэхгүйг харуулж байна. Олон улсын жишгээр хоол хүнсийг хэрэгцээт аминдэм, бичил бодисоор баяжуулах хөтөлбөрийг даруйхан боловсруулан хэрэгжүүлэх хэрэгтэй болохыг судалгааны дүн нотолж байна.

2. Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдал

Хүн амын хоол хүнснээс авах хэрэгцээт илчлэгийн байдал: Манай нэг хүний хоногт хэрэглэсэн илчлэгийн хэмжээ 2006 оны байдлаар 2818.4 ккал байна
[11]. Гэвч энэ үзүүлэлтийг хүн амын орлогын түвшинээр ангилсан статистик гаргаагүй байна (Хүснэгт 1.7).

Хүснэгт 1.7 Жишсэн нэг хүний хоногт хэрэглэсэн хүнсний зүйлийн илчлэг, найрлага (улсын дунджаар)
2003 2004 2005 2006
Илчлэг 2 699,2 2 553,9 2 881,9 2 818,4
Уураг, гр 105,6 101,4 106,1 104,4
Мэдээллийн эх үүсвэр:
ҮСГ (2007). Монгол улсын Статистикийн эмхэтгэл 2006, Улаанбаатар


НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын 2006 оны үнэлгээний тайланд
[12] Монгол улсын хүн амын 38 хувь нь өлөн зэлмүүн байдалд байна гэж дүгнэсэн нь хүнс тэжээлийн хомсдол их байгаагийн нотолгоо юм (Хүснэгт 1.8). Энэ үзүүлэлт 1999-2001 онд 38 хувь байснаа 2002-2004 онд 27 хувь болтлоо буурчээ[13]. НҮБ-ын ХХААБ-ын тусгай илтгэгчийн илтгэлд Монголын ядуу өрхийн гишүүний хоногийн хоолны илчлэгийн хэмжээ дөнгөж 1784 ккал байгаа нь олон улсын (2100 ккал) ба Монголын (2731 ккал) стандартаар тогтоосон дундаж хэмжээнд хүрэхгүй байна. Мөн ядуу хүн амын 20 хувь нь бүх орлогоо хоол хүнсэндээ зарцуулсан атлаа хангалттай хоол тэжээлийг хэрэглэж чаддаггүй[14] гэсэн дүгнэлт хийж, Монголын Засгийн газарт 2005 онд зөвлөмж ирүүлжээ. Гэвч энэхүү зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар Засгийн газар тодорхой ажлыг өдий хүртэл зохион байгуулаагүй байна.

Хүснэгт 1.8 Өлөн зэлмүүн байдлын бууралтын хандлага
Үзүүлэлтүүд 1990-1992он 1995-1997он 1999-2001он 2002-2004он
Хүнсний хангамж
(илчлэг/хүн/өдөр) 2070 1960 2070 2250
Өлөн зэлмүүн хүн амын
тоо (саяар) 0.8 1.1 1.0 0.7
Өлөн зэлмүүн хүн амын
харьцаа (%) 34 45 38 27
Мэдээллийн эх үүсвэр:
FAO (2006, 2004). “Monitoring progress towards hunger reduction goals of the World Food Summit (WFS) and the Millenium Declaration (MD) – Mongolia” Statistics Division Socio-Economic Statistics and Analysis Service.
http://www.fao.org/es/ess/faostat/foodsecurity/MDG_en.htm

Өнөөдөр манай орны хүнсний хангамж, үйлдвэрлэл, аюулгүй байдлын асуудал бүрэн шийдвэрлэгдээгүй хэдий ч хүнсний хангамжийн импортын нийлүүлэлт хангалттай болжээ. Сүүлийн жилүүдэд техник, технологийн хувьд олон улсын шаардлагын түвшнийг хангахуйц хүнсний бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд шинээр ашиглалтад орсноор жилд 85 мян.тн мах бэлтгэх, боловсруулах хүчин чадал бүхий мал нядалгааны 28 үйлдвэр, мах боловсруулах 70 гаруй цех ажиллаж байна. Эдгээр үйлдвэрүүдэд ариутгасан, вакум савалгаатай, ангилсан махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон нь хадгалалтын хугацаа урттай, зах зээлийн эрэлтэд нийцсэн шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн гаргах боломжийг нэмэгдүүлж байна
[15].
Мөн сүүний үйлдвэрүүдэд орчин үеийн технологи нэвтрүүлэн өндөр хэмийн дулааны боловсруулалтаар битүүмжилсэн орчинд ариутгаж, савласан сүү, эмчилгээ сувиллын болон хүүхдийн тэжээлийн зориулалт бүхий кальци, жимс, шоколад, түүнчлэн зөгийн балаар баяжуулсан сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл удаан хугацаанд хадгалах, импорт орлох, чанар, сав, баглаа, боодол зэргээр зах зээлд өрсөлдөхүйц хэмжээнд хүрч эхэлж байна.
Сүүлийн гурван жилд мах, сүү, хүнсний ногооны үйлдвэрлэл тасралтгүй нэмэгдэж, улаан буудайн ургац 2006 онд өнгөрсөн оныхоос хоёр дахин өссөн нь 2006-2007 оны зах зээлийн жилийн (9-10 дугаар сар) нийт улсын хэрэгцээний 45 хувийг бүрдүүлж байна. Хэдийгээр хүнсний аюулгүй байдал бүрэн хангагдаагүй ч улаан буудай, цагаан будаа, төмс, хүнсний ногоо, жимсний импорт өссөн явдал нийслэл хотоос алслагдсан газруудын хүнсний хангамжийг сайжруулахад нөлөөлжээ. Улаанбаатар хот, аймаг, сумын төвийн хүнсний захууд дотоодын болон гадаадын хүнсний бүтээгдэхүүнээр хангагдсан байна
[16]. Хүнсний хангамжийн хэрэглээг сайжруулахад улаан буудай, мах, сүү, хүнсний ногооны олдоц нэмэгдсэн, улмаар ХАА-н үйлдвэрлэлийн сэргэлт, хүнсний импортын өсөлт зохих хувь нэмрээ оруулжээ. Гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний (махнаас бусад) үнэ ханш харьцангуй тогтвортой байна. Харин улсын хэмжээнд 2005 онд 6.2 сая мал хүнсэнд хэрэглэж, нядалгааны жингээр 192.9 мян.тн мах үйлдвэрлэсэн нь 1990 оныхоос 20 шахам хувиар буурсан байна. Сүүлийн онуудын дунджаар жилд 6479.6 мянган толгой мал хүнсэнд хэрэглэж, 218.8 мян.тн мах бэлтгэж, мах, махан бүтээгдэхүүнээр дотоод хэрэгцээг хангасаар ирсэн боловч үйлдвэрлэлийн аргаар нядалсан мах 20 мянган тоннд хүрэхгүй байна[17].

Улсын хэмжээнд нэг хүний мах, сүүн бүтээгдэхүүний жилийн дундаж хэрэглээ 100-140 кг-д хүрсэн нь Азийн болон хөгжингүй зарим орнуудын бодит хэмжээнээс харьцангуй өндөр байна. Гурил, мах, сүү гэсэн хүнсний гурван нэрийн бүтээгдэхүүн өдрийн хэрэгцээт илчлэгийн 86 хувийг бүрдүүлж байна
[18]. Хөдөө орон нутагт эдгээр хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ хотынхноос өндөр төдийгүй хөдөөгийн айл өрхүүд мах, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг өөрсдийн хувийн аж ахуйгаас хангадаг болохоор тэдний хэрэглээ улам сайн хангагддаг байна. Монгол хэдийгээр малын гаралтай бүтээгдэхүүний хэрэглээгээр дэлхийд дээгүүрт орж байгаа ч гурил, будаагаар өдрийн хэрэгцээт илчлэгийн 55 хувийг дунджаар хангаж байна. Сүүлийн жилүүдэд төмс, хүнсний ногоо, жимсний хэрэглээ, ялангуяа хот суурин газарт ихээхэн нэмэгдсэн боловч энэ төрлийн хүнсний хэрэглээ дутмаг, нэг хүний жилийн дундаж хэрэглээ 43 кг, 25 кг, 12 кг тус тус байгаа нь Азийн стандартаас доогуур гарч байна. Хөдөөгийн иргэдийн төмс, хүнсний ногооны хэрэглээ хотынхноос 50 хувиар бага ч өдрийн дундаж илчлэгийн хэрэглээ хотынхноос 15 хувиар илүү байна[19].

Гэхдээ хүнсний баталгаат байдлын
[20] үзүүлэлт хот, аймаг, сум, багийн түвшинд харилцан адилгүй, хүн амын орлогын түвшин буюу худалдан авах чадвараас шууд хамааралтай байна. Малчид, тариаланчдын хүнсний баталгаат байдлын түвшин зохих хэмжээнд хүрсэн боловч хоол хүнсний нэр төрөл цөөн учраас аминдэм, бичил бодисын дуталд орох явдал их байна. Өрхийн хэмжээнд хүнсний хүрэлцээ хангалттай болох нь хүнсний хэрэглээ үнэхээр хангалттайгийн баталгаа хараахан биш юм. Хүн амын хоол тэжээлийн талаархи мэдлэг дутмагаас хооллолт зөв зохистой байж чадахгүй байна. Буруу дадал, зуршлаас хэрэглэж буй хүнсний нэр төрөл цөөрч улмаар аминдэм, бичил бодисын дуталд хүргэдэг аюултай[21].

Монгол орны эрс тэс цаг уурын өөрчлөлт нь хүнсний хангамжийг улирлын давтамжинд оруулж, улмаар хэрэгцээт хүнсний тэжээллэг байдалд нөлөөлж, өвлийн хүйтэнд илчлэг ихтэй хоол хүнс хэрэглэхийг шаарддаг. Хавар хүнсний олдоц хомсдож, үр тариа, махан бүтээгдэхүүний үнэ өсдөг учраас жилийн хамгийн хүнд улирал юм. Ялангуяа, ядуу малчин өрхүүд, газар тариалан эрхлэгчдийн хүнсний баталгаат байдал хавар түр хугацаанд алдагдах аюултай юм. Хотын ядуучууд гол төлөв гэр хороололд амьдардаг ба өвлийн улиралд гэр орноо халаахад шаардлагатай түлшний зардал төвийн халаалттай хоёр өрөө байрныхаас өндөр гарч тэдэнд халаалтын зардал дарамж үүрүүлж байна. Тэдний ихэнхи нь улирлын чанартай түр ажил эрхэлдэг болохоор өвлийн улиралд ядуучуудын хүнсний баталгаагүй байдал улам нэмэгддэг. Сум, аймгийн төв, Улаанбаатарт амьдрагч ядуучууд гол төлөв ажлаас гарсан, эсвэл хөдөөнөөс ажил хайж шилжин ирээд ажилд ороогүй хүмүүс байна. Барилга, уул уурхайн олборлолт зэрэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг өвлийн улиралд явуулах боломжгүй учир тэр хугацаанд ажил олдох боломж ховордож, улмаар тэдний хүнсний бүтээгдэхүүн худалдан авах чадамж багасдаг
[22].

Уламжлалт аргаар боловсруулсан мах, сүүн бүтээгдэхүүнийг айл өрхүүд өөрсдөө хэрэглэхийн зэрэгцээ орон нутгийн, бүсийн болон Улаанбаатрын хүнсний зах дээр борлуулж байна. Нийт улсын хэмжээгээр сүүний 7 хувь, махны 3 хувийг зөвхөн үйлдвэрлэлийн аргаар боловсруулах болсон нь ялангуяа хотуудын хүнсний аюулгүй байдалд санаа зовинох шалтгаан болж эхэллээ
[23]. Нийт сүү, сүүн бүтээгдэхүүний бохирдлын 40 шахам хувийг бруцеллёз, сүүн хүчлийн бактери эзэлж, 36.7 хувь нь ус, гурил, содын аль нэг хольцтой байгааг тогтоосон байна[24]. Хүнсний бүтээгдэхүүний импортын хараат байдалтай холбоотойгоор хүнсний аюулгүйн байдлыг хангахад үндэсний хүнсний мэргэжлийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгон сайжруулах шаардлагатай байна. Энэ нь зөвхөн импортоор оруулдаг жимс, ногоо, хүнсний бүтээгдэхүүнд бус эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, ялангуяа мах, сүүн бүтээгдэхүүнд илүүтэй хамаарах зүйл юм. Түүнчлэн Засгийн газар хүнсний эрүүл ахуйн байдал, ялангуяа хоол, хүнс бэлтгэх, цэвэр ариун байлгах, эрүүл ахуйн талаархи олон нийтийн мэдлэг, мэдээллийг сайжруулах чиглэлээр цэгцтэй ажил өрнүүлэх хэрэгтэй байна.

Засгийн газрын бодлого, хөтөлбөр арга хэмжээний хэрэгжилтийн байдал

Эрхзүйн орчин: Сүүлийн жилүүдэд “Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого” (2001), “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого” (2005), “Хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээл 2002-2010 үндэсний хөтөлбөр” (2001), “Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах 2002-2010 үндэсний хөтөлбөр” (2002), “Иод дутлын эмгэгтэй тэмцэх 2 дахь шатны үндэсний хөтөлбөр” (2006-2010), “Экологийн цэвэр бүтээгдэхүүн” хөтөлбөр (2006-2015), “Сүү” үндэсний хөтөлбөр (2006-2015), “Ногоон хувьсгал 2 дахь шатны хөтөлбөр” (2006-2015), “Бага насны хүүхдийг төмөр дутлын цус багадалтаас сэргийлэх стратеги” (2003), “Эх, хүүхдийг аминдэм, бичил тэжээлийн дутлаас сэргийлэх стратеги” (2005), түүнчлэн “Давсыг иоджуулж, иод дутлаас сэргийлэх тухай” (2003), “Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай” (2005) хуулиуд зэргийг батлан хэрэгжүүлж ирсэн нь хүн амын хоол тэжээлийн байдал, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийн хоол тэжээлийн байдлыг сайжруулах бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх эрхзүйн орчин үндсэндээ бүрдсэн байна.

Бага насны хүүхдийн өсөлтийг дэмжих тогтолцоо: Өнгөрсөн 2001 оноос хойш 2 хүртэлхи насны хүүхдийн өсөлтийн хяналтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн явдал нь хүүхдийн тураалын үзүүлэлт буурахад илүүтэй нөлөөлжээ. Мөн эл хөтөлбөрийг 2005 оноос хүүхдийн өсөлт, хөгжлийн хяналт дэмжлэгийн тогтолцоо болгон өргөтгөж, 3 хүртэлхи насны хүүхдийг сар бүр эрүүл мэнд, хоол тэжээл, хүүхэд хамгаалал, эрт үеийн хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээнд хамруулж байна.

Засгийн газрын бус байгууллагуудын оролцоо: Эх, хүүхдийн хоол тэжээлийн байдлыг сайжруулах чиглэлээр олон улсын байгууллага (ОУБ), төрийн бус байгууллага (ТББ)-уудтай хамтран ажиллаж байна. Тухайлбал, НҮБХС-ийн Эрүүл мэнд, хоол тэжээл хөтөлбөрийн “Бага насны хүүхдийн өсөлт хөгжил, эхийн сүүгээр хооллолт төсөл”, “Нийгмийн цогц суурь үйлчилгээ хөтөлбөр”, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын “Эх, хүүхдийн эрүүл мэнд хоол тэжээл хөтөлбөр”, Өлсгөлөнгийн эсрэг Францын Хүмүүнлэгийн байгууллага Action Cointre la Faim (ACF)-ийн “Хоол тэжээл, хүнсний хангамж, аюулгүй байдлын төсөл”, Азийн хөгжлийн банкны (АХБ)-ны “Ядуу эх, хүүхдийн хоол тэжээлийн байдлыг сайжруулах төсөл”-үүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

Зуд, гамшгийн үеийн хоол, тэжээлийн дэмжлэг: Өнгөрсөн 2000-2001 оны зудын гамшгаас хойш хоол тэжээлийн дуталд өртөж болзошгүй хүүхдэд хоол тэжээлийн дэмжлэг болгож, өндөр илчлэг бүхий ВР-5 тэжээл, “Палли” жигнэмэгийг түгээдэг боллоо. Тухайлбал, ВР-5 өндөр илчлэгт хоолыг Дундговь, Ховд, Өмнөговь, Хөвсгөл зэрэг аймгуудад 2 хүртэлхи насны тураалтай хүүхдэд хэрэглүүлж, тэдгээрийн 25-50 хувь нь жингээ нөхсөн байна.

Сургуулийн хүүхдийн “Үдийн цай” хөтөлбөр: Засгийн газраас 2005 оноос эхлэн сургуулийн 1-2 дугаар ангийн хүүхдэд зориулан “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2007 оноос эхлэн 1-4 дүгээр ангийн бүх хүүхдийг хамруулах боллоо. Энэ хөтөлбөрийн хэрэгжилт сургуулийн насны хүүхдийн хоол тэжээлийн байдлыг сайжруулах, сургуульд хамрагдалтыг нэмэгдүүлэхэд эерэгээр нөлөөлж байна.

Тулгамдсан зарим асуудал

Үндэсний МХЗ-ын хоол тэжээлийн дутлыг бууруулах зорилтын шалгуур үзүүлэлт бодит байдлаас зөрж байна: Хэдийгээр өнөөдрийн хүрсэн түвшин болон хандлагаар 2015 он гэхэд эл зорилтыг хангана гэж тооцоолж байгаа ч угтаа тэг болгоно гэдэг нь боломжгүй зүйл юм. Учир юу гэвэл:
1. Тураалын үзүүлэлтийг харьцуулан тооцоход ашиглаж буй лавлагаа хүн амын (NCHS/WHO reference) дунд тураал 2.3 хувь (Weight-for-Age <-2SD) байдаг. Тураалыг лавлагаа хүн ам буюу эрүүл хүн амд байх хэмжээнээс илүү бууруулах нь зөвхөн МХЗ1-ийн хүрээний асуудал биш юм. МХЗ1-ийн хүрээнд тураалын үзүүлэлтийг лавлагаа хүн амын тураалын үзүүлэлтийн байх хэмжээ буюу 2 хувьд ойртуулах чиглэл манай улсын хувьд хүрч чадах боломжит хэмжээ юм. Тураалыг бүрэн устгасан улс орон, олон улсын туршлага байхгүй байна. 2. Монгол Улсын МХЗ-ын Зорилго 1-ийн зорилт 1-д ядуу хүн амын үзүүлэлтийг 2015 онд 50 хувь бууруулах буюу ойролцоогоор 18 хувьд хүргэнэ гэж заасан байна. Энэ бол хүн амын тодорхой хэсэг өлөн зэлмүүн байдалтай, хоол тэжээлийн дуталтай хэвээр байх нь ойлгомжтой тул 2015 онд Тав хүртэлхи насны хүүхдийн тураалыг бүрэн арилгах боломжгүй гэж үзэж байна. 3. Тураалыг устгах нь ганц хоёр салбарын үйл ажиллагааны хүрээнд шийдвэрлэгдэх ажил биш тул энэ үзүүлэлтэд салбар хоорондын хөгжлийн уялдаа, холбоо нөлөөтэй юм. Түүнчлэн тураалын үзүүлэлт буурахад онцгой нөлөөлдөг бага насны хүүхдийн цус багадалт, хооллолтын байдал зэрэг үзүүлэлт шалгуур үзүүлэлтэд огт тусгагдаагүй байна. Зөвхөн тураалын үзүүлэлтийг ашиглан өлсгөлөнг үнэлэх явдал учир дутагдалтай бөгөөд хоногийн хоол тэжээлээр хэрэгцээт илчлэгээ авах боломжгүй хүн амын үзүүлэлтийг нэмж оруулах шаардлагатай байна. НҮБ-ын ХХААБ-аас гаргадаг энэ үзүүлэлтийг өдий хүртэл манай улс өөрсдөө бие даан гаргаж чадахгүй байна. Хоол тэжээлийн архаг дутлын үзүүлэлт төдийлэн хурдацтай буурахгүй байна: Өнгөрсөн 2004 ба 2005 оны судалгаагаар 2 хүртэлхи насны хүүхдийн өсөлтийн хоцролтын үзүүлэлт тураал, туранхайн үзүүлэлттэй харьцуулахад төдийлэн сайн буураагүй бөгөөд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна. Хоол тэжээлийн архаг дутлын улмаас 2 хүртэлхи насандаа үеийн нөхдөөсөө намхан байсан хүүхэд 10-11 насандаа сургууль завсардалтад илүү өртдгийг судлаачид баталжээ
[25]. Монгол дахь сургууль завсардалтын шалтгааныг бага насны хүүхдийн хоол тэжээлийн архаг дуталтай холбон дүгнэлт хийж, 2 хүртэлхи насны хүүхдийн хоол тэжээлийн архаг дутлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээг эрчимтэй явуулах шаардлагатай байна.

Мэдээллийн зөрүүтэй байдал: ҮСГ-ын болон ЭМЯ-ны мэдээллүүд байнга зөрүүтэй гарч байна.

Хоол тэжээлийн дутлыг бууруулах үйл ажиллагаанд салбар хоорондын оролцоо хангалтгүй байна: Өнөөдрийг хүртэл хоол тэжээлийн дутлыг бууруулах асуудал зөвхөн ЭМЯ болон ХХААЯ-ны хийх ажил мэтээр явж ирлээ.

Үндэсний бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хүндрэл гарсаар байна: “Хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээл” (2001-2010) үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд зарим талаар (гурил баяжуулах, сүүний үйлдвэрлэлийн сэргэлт, хүнсний ногооны үйлдвэрлэл өссөн зэрэг) нааштай өөрчлөлт гарсан хэдий ч эл хөтөлбөрийн хэрэгжилт хязгаарлагдмал, алслагдсан аймаг, сумдад үр нөлөө багатай байна. Үүний үндсэн шалтгаан бол улсын болон хувийн хэвшлээс санхүүжилт олигтой хийгдэхгүйд байна. Өнөөгийн чөлөөт худалдаа, чөлөөт зах зээлийн нөхцөлд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг хөтөлбөрийн хүрээнд нэмэгдүүлнэ тооцсон нь хараахан хэрэгжихгүй байна. Хүнсний үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд олгох банкны зээлийн олдоц ховор, зээлийн хүү өндөр, эргэн төлөх хугацаа богино байгаа зэрэг санхүүгийн хүндрэл зарим талаар хөтөлбөрийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж байна.

Дунд хугацаанд шийдвэрлэх зарим асуудал

Шалгуур үзүүлэлтийг шинэчлэн тогтоох: УИХ-ын 25 дугаар тогтоолын МХЗ-ын Зорилго 1-ийн зорилт 2-той холбоотой шалгуур үзүүлэлтийг шинэчлэх шаардлагатай байна. Монгол Улсын МХЗ-ын Зорилго 1-ийн зорилт 2-ыг илүү тодорхой болгох үүднээс Хоол тэжээлийн дуталтай хүн амын тоог 2005 онтой харьцуулахад 2015 онд 2 дахин бууруулах гэдгийг гаргаж, зорилтыг нэмэх нь хэрэгтэй гэж үзэж байна.

A. Хоол тэжээлийн дуталтай хүн амын тоог 2005 онтой харьцуулахад 2015 онд 2 дахин бууруулах, Энэ хүрээнд:
1. 5 хүртэлх насны хүүхдийн тураалыг жил тутамд 0.5 хувиар бууруулан 2015 онд 2.0 хувьд хүргэх;
2. 5 хүртэлх насны хүүхдийн өсөлтийн хоцролтыг жил тутамд 1.0 хувиар бууруулан 2015 онд 10.0 хувьд хүргэх;
3. 5 хүртэлх насны хүүхдийн төмөр дутлаас шалтгаалсан цус багадалтыг урьдчилан сэргийлэх, эмчлэх замаар жил тутам 1.0 хувиар бууруулан 2015 онд 10 хувьд хүргэх;
4. Хүүхдийг эхийн сүүгээр хооллох бодлогыг дэмжих замаар 6 сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож буй хүүхдийн тоог 2015 онд 70 хувьд хүргэн нэмэгдүүлэх;
5. Бага насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйн Д аминдэмийн хангалтыг 2015 онд 90 хувьд хүртэл тогтвортой нэмэгдүүлэх, хүнсийг Д аминдэмээр баяжуулах замаар Д аминдэмийн дутлыг бууруулах;
6. Шимт бодисоор баялаг нэмэгдэл болон гэрийн хоолыг идэж байгаа хүүхдийн тоог 2015 онд 80 хувьд хүртэл тогтвортойгоор нэмэгдүүлэх;
7. Жирэмсэн эмэгтэйн хоол тэжээлийн байдлыг сайжруулах замаар бага жинтэй төрөлтийг тогтвортойгоор бууруулан 2015 онд 1.0 хувьд хүргэх;
8. Иод дутлын эмгэгийг тогтвортой бууруулан 2010 онд 5 хувиас бууруулах;
9. Өрхийн хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулж, асран хамгаалахуйн эерэг дадлыг дэмжих замаар эх, хүүхэд, өсвөр насныхны хоол тэжээлийн байдлыг сайжруулах эдгээр болно.
B. Хэрэгцээт илчлэгийг авах боломжгүй хүн амын тоог 2005 онтой харьцуулахад 2015 онд 2 дахин бууруулах

Үндэсний бодлого, хөтөлбөр, төслүүдийг боловсруулан хэрэгжүүлэх: Монголын хүн амын хоол тэжээлийн дутлын үндсэн шалтгаан, эх сурвалж нь аминдэм, бичил бодисын дутал болохыг сүүлийн үеийн судалгаагаар нотолсон байна. Иймд бага насны хүүхдийг аминдэм, бичил бодисын дутлын шалтгаант хоол тэжээлийн архаг дуталд өртөхөөс сэргийлэх бодлого, улмаар хүн амын хоол хүнсийг аминдэм, бичил бодисоор баяжуулах үндэсний хөтөлбөрийг шинээр боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Мэдээллийн олдцыг нэмэгдүүлж, мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгах, зарим үзүүлэлтийн үр дүнд илүүтэй анхаарал хандуулах: Монгол улсын хүн амын хоол хүнсний илчлэгийн хомсдлын талаархи мэдээллийг зөвхөн НҮБ-ын ХХААБ-аас тооцон гаргаж байна. Үүнийг Монголын Засгийн газар өөрөө судалж, мэдээлэх чадавхитай болох хэрэгтэй байна. Үндэсний МХЗ-ын өлсгөлөнг бууруулахтай холбоотой хэсэгт үүнийг шалгуур үзүүлэлт болгож зайлшгүй оруулах нь зүйтэй юм.

МХЗ-ын хэрэгжилтийг үнэлэхдээ зөвхөн үндэсний чанартай зорилтот судалгаа, тандалтын мэдээллийг эх үүсвэр болгон ашиглахыг зөвлөж байна. ҮСГ-ын “Хүүхэд хөгжил” олон үзүүлэлтэт түүвэр судалгааны мэдээлэл бол зөвхөн НҮБХС-ийн төслийн хэрэгжилтийн хяналтын мэдээлэл гэж тооцогддог тул үндэсний үзүүлэлтийг илтгэх мэдээлэл болгон ашиглахаас татгалзах нь зүйтэй байна.

Нийгмийн халамжийн сангаас олгож буй тэтгэмжийг эх, хүүхдэд эрүүл мэнд, хоол тэжээлийн дэмжлэг үзүүлэх тогтолцоотой нягт уялдуулах: Жирэмсний хяналтад 5 сартайгаас эхлэн байнга хамрагдах, хүүхдээ 3-5 нас хүртэл байнга өсөлтийн хяналтад хамруулан эрүүл мэнд, хоол тэжээлийн үйлчилгээ, дархлаажуулалт, хүүхэд хамгаалал, эрт үеийн хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээг бүрэн авсан тохиолдолд жирэмсний болон хүүхдийн мөнгөө авах урамшууллын эрх нээгдэх байдлаар зохицуулалтын арга хэмжээ авах шаардлагатай байна. Энэ нь хүүхдийн эрхийг хөндөхгүй бөгөөд гэрлэлт, төрөлт нэмэгдэж буй нөхцөлд эх, хүүхдийн бүртгэлийг сайжруулах, эцэг эхчүүдийн хүүхдэд анхаарах, халамж тавих байдлыг нэмэгдүүлэх, нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулах боломжийг бүрдүүлэх болно.

Үндэсний бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн, санхүүжилтийг шийдвэрлэх: Санхүүгийн хязгаарлагдмал байдлаас шалтгаалан олон хөтөлбөр, төслийн хэрэгжилт хангалтгүй үнэлгээтэй гарч байна. Тухайлбал, ЭМЯ-наас баталсан “Эх, хүүхдийг бичил тэжээлийн дутлаас сэргийлэх” стратеги санхүүгийн хүндрэлээс хэрэгжүүлэх боломжгүй байдалд хүрсэн байна. Иймд энэ стратегийн хэрэгжилтийг хангах үүднээс нөөцийн ашиглалтыг сайжруулж, санхүүжилт, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх боломжийг идэвхтэй эрж хайх шаардлагатай байна.

Хүн амын хүнсний баталгаат байдлын мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх: Хүн амын хүнсний баталгаат байдлыг хангах асуудал бол олон салбар, байгууллагыг хамарсан үндэсний хэмжээнд хүнсний баталгаат байдлын мэдээлэл солилцох, хяналт шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, салбар дундын зохицуулалт, хэрэгжилтийг хариуцах үүрэг, чиг бүхий “Хүнсний баталгаат байдлыг хариуцсан нэгж”-ийг ХХАА-н Сайдын эрхлэх ажлын хүрээнд байгуулж ажиллуулах шаардлагатай байна.

Олон нийтийн оролцоог дэмжих, орон нутгийн чадавхийг сайжруулах: Хөдөөгийн хүн амын тогтвортой амьжиргааг дээшлүүлэх, орон нутгийн боломж, нөөцөд тулгуурласан орлогын эх үүсвэрийг бүрдүүлэхэд залуучууд, иргэдийн үүсгэл санаачилгыг өрнүүлэн, хүнсний шинэ төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, хүний хүчин зүйлийг үнэлэх, чадавхийг сайжруулах, маркетингийн бодлогыг хэрэгжүүлэх, үндэсний уламжлалт ур ухааныг орчин үеийн дэвшилтэд технологитой хослуулах, сургах ажлыг орон нутгийн засаг захиргааны болон олон нийтийн ашгийн бус байгууллагаар дамжуулан иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулах, улмаар мах, сүүн бүтээгдэхүүний албан ёсны захыг байгуулах, аймгийн хэмжээнд өртөг хямд нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаачилга хөдөлгөөнийг дэмжин ажиллах хэрэгтэй.

[1] FAO/UNICEF/UNDP (2006). “Joint Food Security Assessment Mission to Mongolia”, Mission Report, Ulaanbaatar, Mongolia
[2] Хоол тэжээлийн дутал гэдэг нь хоол тэжээлийн дутагдал гэдэгтэй ижил утгаар ойлгогдоно.
[3] НЭМХ, ЭМЯ, НҮБХС (2006). “Монголын хүүхэд, эмэгтэйчүүдийн хоол тэжээлийн байдал” Хоол тэжээлийн үндэсний 3 дахь судалгааны тайлан, Улаанбаатар
[4] Мөн тайланд
[5] Мөн тайланд
[6] Мөн тайланд
[7] Мөн тайланд
[8] НЭМХ, ЭМЯ, НҮБХС (2006). “Монголын хүүхэд, эмэгтэйчүүдийн хоол тэжээлийн байдал” Хоол тэжээлийн үндэсний 3 дахь судалгааны тайлан, Улаанбаатар
[9] Мөн тайланд
[10] FAO/UNICEF/UNDP (2006). “Joint Food Security Assessment Mission to Mongolia”, Mission Report, Ulaanbaatar, Mongolia
[11] ҮСГ (2007). Монгол улсын Статистикийн эмхэтгэл 2006, Улаанбаатар
[12] FAO (2006, 2004). “Monitoring progress towards hunger reduction goals of the World Food Summit (WFS) and the Millenium Declaration (MD) – Mongolia” Statistics Division Socio-Economic Statistics and Analysis Service. http://www.fao.org/es/ess/faostat/foodsecurity/MDG_en.htm
[13] UNFAO (2006), "The State of Food Insecurity in the World", http://en.wikipedia.org/wiki/List_of_countries_ by_percentage_of_population_suffering_from_undernourishment
[14] Jean Ziegler (2004). “The Right to Food”, Report of the Special Rapporteur on the right to food, Addendum MISSION TO MONGOLIA
[15] ХХААЯ (2007). ХХААЯ-ны 2006 оны жилийн тайлан
[16] FAO/UNICEF/UNDP (2006). “Joint Food Security Assessment Mission to Mongolia”, Mission Report, Ulaanbaatar, Mongolia
[17] ХХААЯ (2007). ХХААЯ-ны 2006 оны жилийн тайлан
[18] ҮСГ, Дэлхийн банк, НҮБХХ (2004). Өрхийн орлого, зарлага, амьжиргааны түвшний түүвэр судалгаа, Улаанбаатар
[19] FAO/UNICEF/UNDP (2006). “Joint Food Security Assessment Mission to Mongolia”, Mission Report, Ulaanbaatar, Mongolia
[20] “Хүнсний баталгаат байдал” нь хүнсний хангамж гэдэгтэй утга адил болно
[21] FAO/UNICEF/UNDP (2006). “Joint Food Security Assessment Mission to Mongolia”, Mission Report, Ulaanbaatar, Mongolia
[22] FAO/UNICEF/UNDP (2006). “Joint Food Security Assessment Mission to Mongolia”, Mission Report, Ulaanbaatar, Mongolia
[23] Мөн тайланд
[24] ХХААЯ, ЭМЯ, НЭМХ, УМХГ (2006). “Хүнсний бохирдлын түвшин” судалгааны тайлан, Улаанбаатар
[25] Mendez, M.A. and Adair, L., (1999). “Severity and Timing of Stunting in the First Two Years of Life Affect Performance on Cognitive Test in Late Childhood”, Journal of Nutrition, 129

Бичсэн: 2007 оны 4 - 5 дугаар сар

No comments: